Төсөл

МШТХ-ны 2016 оны  11 -р сарын 24 -ны өдрийн ээлжит чуулганаар хэлэлцэн батлав.

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ

Нэг. Зохицуулах зүйл

  1. Энэхүү журмаар Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монголын Ширээний теннисний холбоонд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, гишүүнчлэлийн татвар төлөх, татвартай холбоотой гишүүдийн хүлээх үүрэг, эдлэх эрх, хураасан татварыг зарцуулах, тайлагнах, хянах үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. МШТХ-нд гишүүнээр бүртгэх

  1. МШТХ-ны дүрмийн хоёрдугаар зүйлийн 1-д зааснаар холбоонд гишүүнээр элсэнэ.
  2. Гишүүнийг МШТХ-ны нарийн бичгийн дарга, түүний туслах бүртгэнэ. Бүртгэх ажиллагаа нь гишүүнийг товч анкет бөглүүлэх, холбооны дүрэм, гишүүнчлэлийн журамтай танилцуулах, иргэний үнэмлэх болон байгууллагын гэрчилгээг хуулбарлан авах, гишүүний үнэмлэх, гэрчилгээ  олгох дарааллаар явагдана.
  3. Гишүүний үнэмлэх, гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохдоо буруутай этгээдээр холбогдох зардлыг төлүүлнэ.

Гурав. МШТХ-ны гишүүний төлөх татварын хэмжээ.

  1. МШТХ-ны гишүүн болон гишүүн байгууллагын жилд төлөх татварын хэмжээг МШТХ-ын дүрмийн тавдугаар зүйлийн 9-д зааснаар Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтооно.
  2. Гишүүн болон гишүүн байгууллага нь жилд төлөх татварыг сар бүр төлөх үүрэгтэй. Гишүүний татварыг тухайн жилийн элссэн сараасаа эхэлж төлнө. Гишүүд сайн дураараа улирал, хагас жил, бүтэн жилээр урьдчилан төлж болно.
  3. Гишүүд татвараа хугацаандаа төлөхгүй байх нь энэхүү дүрэмд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.
  4. Гишүүдийн татварыг МШТХ-ны дэргэдэх зөвхөн татвар хуримтлуулах зорилготой ХААН банкны 502 775 6379 дугаар дансанд төвлөрүүлнэ.

Дөрөв. МШТХ-ны гишүүний эрх, үүрэг

  1. МШТХ-ны гишүүний эдлэх эрх, хүлээх үүргийг МШТХ-ны дүрмийн гуравдугаар зүйлд заасан болно.
  2. Гишүүн бүр татвараа цаг хугацаанд нь холбооны татвар хуримтлуулах дансанд төлөх үүрэг хүлээнэ.
  3. МШТХ-ны бүртгэлтэй гишүүн нь татвар төлөх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлбэл төлөөгүй татварын хэмжээний 50 хувьтай тэнцэх торгууль төлнө.
  4. МШТХ-ны бүртгэлтэй гишүүн нь татвараа хугацаандаа төлөөгүй тохиолдолд холбооны зүгээс хамруулах аливаа хөнгөлөлтийг эдлэхгүй. Мөн бусад асуудлаар эрх нь хөндөгдөж, хязгаарлагдах болно.
  5. МШТХ-ны бүртгэлтэй гишүүн татвараа 1 жил төлөөгүй тохиолдолд гишүүнчлэлээс шууд хасагдана. Харин төлөөгүй татвараа, торгуулийн хамт нөхөн төлсөн тохиолдолд гишүүнчлэлийг сэргээж болно.

Тав. МШТХ-ны гишүүдийн татварыг зарцуулах зориулалт, хэмжээ

  1. Гишүүдийн хуримтлагдсан татварыг Улсын хэмжээнд буюу 21 аймаг, 9 дүүргийг хамруулан, судалгаа, санал, эрэлт хэрэгцээ, бодлогын үндсэн дээр Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр дараахь хэмжээгээр, нийтийн зориулалтаар зарцуулна. Үүнд:
  • Нийслэл, орон нутгийн хэмжээнд шинээр байгуулагдах клубуудыг ширээний теннисний спортын үндсэн хэрэгсэл болох ширээ, тор, бусад дагалдах хэрэгслээр хангах, энэ ажиллагааг холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд хэрэгжүүлэх, энэ нь тухайн жилийн хуримтлалын 40-өөс доошгүй хувиар байж болно,
  • Нийслэл, орон нутгийн өсвөр үеийн тамирчид, багш, дасгалжуулагч нарт мэргэжлийн сургалт явуулах, тодорхой сургалтанд хамруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэ нь тухайн жилийн хуримтлалын 15 хувиас багагүй хувиар байж болно,
  • Нийслэл, орон нутагт ширээний теннисний спортыг сурталчлах зорилгоор уламжлалт биш уралдаан, тэмцээнийг зохион явуулахад дэмжлэг үзүүлэх, энэ нь тухайн жилийн хуримтлалын 15-иас багагүй хувиар байж болно,
  • Ширээний теннисний спортыг хөгжүүлэх зориулалтаар газар, барилга байшин худалдан авах, засвар, тохижилт хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүнийг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэнэ.
  • Хөдөө, орон нутаг, алслагдсан дүүрэг, нийслэлд ширээний теннисний спортыг хөгжүүлэх, олон нийтийг хамруулахад тодорхой хувь нэмэр оруулсан, тодорхой дэмжлэг үзүүлсэн, онцгой гавъяа байгуулсан гэж үзсэн гадаад, дотоодын иргэн, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг шалгаруулан урамшуулах, энэ нь тухайн жилийн хуримтлалын 10-аас илүүгүй хувиар байж болно,
  • Хуримтлал үүсгэх, тухайн жилийн хуримтлалын 10-аас доошгүй хувиар,
  1. Зарцуулагдах татварын хэмжээ тухайн цаг үед тодорхой нөхцөлийн улмаас өөрчлөгдөж болно. Үүнийг гагцхүү удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ.
  2. Гишүүдийн хуримтлагдсан татварыг зориулалтын бус зүйлд зарцуулахыг хориглоно.

Зургаа. МШТХ-ны гишүүдийн татварыг захиран зарцуулах эрх үүсэх

  1. Гишүүдийн хуримтлагдсан татварын зарцуулалтыг гагцхүү Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ.
  2. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хуралдаан нь МШТХ-ны УЗ-ийн гишүүдийн 60% ба түүнээс дээш хувийн оролцоотой байж хүчин төгөлдөр болно.
  3. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60%-иас дээш хувийн саналаар шийдвэр хүчинтэй болно. Санал тэнцсэн тохиолдолд мэтгэлцэж, дахин санал хураана. Санал хүрээгүй тохиолдолд хойшлуулж, дахин хуралдаанаар шийдвэрлэнэ.
  4. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ. Шийдвэрлэсэн мөнгөний зарцуулалтын гүйлгээ нь 2-оос доошгүй этгээдийн гарын үсгээр хийгдэх ба санхүүгийн баримтаар баталгаажна.

Долоо. МШТХ-ны гишүүдийн татварыг тайлагнах, хяналт тавих

  1. Гишүүний төлсөн татвар бүрийг төлсөн хэмжээ, цаг хугацаатай нь МШТХ-ны санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба бүртгэн авч, татвар хураалт, зарцуулалтад хяналт тавина.
  2. МШТХ-ны санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба нь гишүүдийн төлсөн татварын орлого, зарлагын гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн хууль, журмын дагуу бүртгэж, санхүүгийн тайлан гаргана.
  3. Орлого, зарлагын гүйлгээг бүртгэхдээ Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр, холбогдох гэрээ хэлцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг үндэслэл болгоно.
  4. Гишүүдийн татварын санхүүгийн тайланг Удирдах зөвлөлийн хуралдаан, чуулганы ээлжит бус болон ээлжит хуралд тухай бүрт нь тайлагнана.
  5. Гишүүдийн татварын санхүүгийн тайлан нийтэд ил тод байх ба МШТХ-ны вэб сайтад улирал бүр тавигдана.

Найм. МШТХ-ны гишүүний татвар төлөхтэй холбогдсон эдлэх эрх, хөнгөлөлт

  1. Татвар төлсөн холбооны гишүүдийн эрх нь гишүүн бус иргэн, хуулийн этгээд, байгууллагаас давуу байна.
  2. Татвар төлсөн холбооны гишүүд нь холбооны зүгээс үзүүлэх аливаа хөнгөлөлтөнд хамрагдах эрхтэй болно.

Ёс. МШТХ-ны гишүүдийн татварыг зарцуулахтай холбогдон хүлээх албан тушаалтны хариуцлага

  1. Холбооны гишүүдийн цуглуулсан татварыг энэхүү журмаас гадуур зарцуулахыг хориглоно.
  2. Эрх бүхий этгээд нь холбоонд цугларсан нийтийн татварыг энэхүү журмаас гадуур зарцуулсан нь тогтоогдвол холбооноос сонгогдсон, томилогдсон албан тушаалаасаа огцрох үндэслэл болно.
  3. Эрх бүхий этгээдийн дээр дурьдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагаар шалгагдах үндэслэл болно.
  4. Эрх бүхий этгээд нь нийтэд буюу холбоонд учруулсан хохиролоо нөхөн төлөх үүрэгтэй ба учруулсан хохирлын хэмжээний 50 хувьтай тэнцэх торгуулийг нэмж төлнө.

Арав. Журам батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах

  1. Энэхүү журмыг МШТХ-ны ээлжит болон ээлжит бус чуулганаар батлах болон нэмэлт, өөрчлөлт оруулна.