МШТХ-ны 2016 оны 11-р сарын 24-ны өдрийн ээлжит чуулганаар батлав.

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ДҮРЭМ

(Шинэчилсэн найруулга)

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монголын Ширээний Теннисний Холбоо нь Монгол улсад ширээний теннисний спортыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий иргэд, хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
  2. Монголын Ширээний Теннисний Холбоо, товчилсон нэр нь МШТХ.
  3. МШТХ-ны оршин байх хаяг нь: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 18, “Оч” клуб
  4. МШТХ-ны үүсгэн байгуулагдсан огноо:
  5. МШТХ нь ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд аль болох ард түмнийг өргөн хамруулах, сургалт явуулж хичээллэгчдийн тоог эхнээс нь өргөжүүлэх, материаллаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэл сургуулилтыг сайжруулах, өндөр ур чадвартай тамирчид бэлтгэх замаар үндсэн зорилгоо хэрэгжүүлнэ.
  6. МШТХ нь Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж өөрийн дүрмийн хүрээнд төр, олон нийт, аж ахуйн газар, мэргэжлийн, боловсролын байгууллага, иргэдтэй хамтран ажиллана.
  7. МШТХ нь Монголын Үндэсний Олимпын Хорооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд олон улсын, тивийн ширээний теннисний холбоодуудын өмнө өөрийн орныг төлөөлөх эрхийг эдэлж, идэвхитэй үйл ажиллагааг явуулж, тэдний дэмжлэг туслалцааг авахын зэрэгцээ эх орноо болон теннисний спортоо олон улсад сурталчилна.
  8. МШТХ-ны үйл ажиллагаа олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно.
  9. МШТХ нь хуулийн этгээд бөгөөд өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудас, таних тэмдэг, тамга, бэлгэдлийн тугтай байна.
  10. Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн ширээний теннис сонирхогч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон хэн боловч МШТХ-ны гишүүн байж болно.
  11. МШТХ-ны зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой туслалцаа үзүүлсэн гишүүн, гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг МШТХ-ны хүндэт гишүүнээр сонгож болно. Хүндэт гишүүнээр сонгох асуудлыг журмаар зохицуулна.
  12. МШТХ-ны удирдлага, бүтэц, бүрэлдэхүүн нь Чуулган, Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүд, Хяналтын зөвлөл, Зөвлөл, Ажлын алба, Анхан шатны байгууллага гэсэн зохион байгуулалттай байна.

Хоёр. МШТХ-нд гишүүнээр элсэх

  1. Гишүүнээр элсэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, клубууд нь МШТХ-нд холбогдох бичиг баримтын хамт хүсэлт гарган өгч, түүнийг нь бүртгэн авч, үнэмлэх, гэрчилгээ олгосноор элссэнд тооцно.
  2. Гишүүнээр элссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, клуб нь жил бүр тогтоосон хэмжээгээр гишүүнчлэлийн татвар төлнө. Гишүүнчлэлийн татвар хураах, зарцуулах, тайлагнах ажиллагааг журмаар зохицуулна.
  3. МШТХ-нд элссэн иргэд үнэмлэхтэй, аж ахуйн нэгж, байгууллага, клубууд нь  гэрчилгээтэй байна.

Гурав. МШТХ-ны гишүүний эрх, үүрэг

  1. МШТХ-ны гишүүн нь дор дурьдсан үндсэн эрхийг эдлэнэ.
    1. МШТХ болон ширээний теннисний тухай аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, ажил хэрэгчээр идэвхитэй оролцох
    2. МШТХ-ны бүх шатны байгууллага, албан тушаалд сонгох, сонгогдох
    3. Дотоод гадаадад зохиогдох тэмцээн бусад арга хэмжээнд өөрийн байгууллага хамт олон, эх орноо төлөөлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр оролцох
    4. Үр бүтээлтэй ажиллаж спортын өндөр амжилт гаргасныхаа төлөө материалын болон сэтгэл санаа,нэр хүндийн урамшил хүртэх
    5. Гишүүд нь МШТХ-ноос үзүүлэх аливаа хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах
    6. Өөрийн орны болон дэлхийн ширээний теннисний спортын үйл явдал амьдралын талаархи мэдээллийг ашиглах.
  2. МШТХ-ны гишүүн нь дор дурьдсан үндсэн үүргийг хүлээнэ.
    1. Ширээний теннисний спортын цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, санаачлага гаргах, гардан хэрэгжүүлэх
    2. МШТХ-ны дүрмийг сахиж, үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох
    3. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх
    4. Өөрийн болон гадаад орнуудад ширээний теннисний спортыг хөгжүүлж буй туршлагыг судалж бүтээлчээр хэрэгжүүлэх
    5. Ёс суртахуун болон сахилга батын дутагдал гаргах, холбооны дүрэмд харш үйлдэл хийх явдалтай эвлэршгүй тэмцэж байх
    6. Олон Улсын Ширээний Теннисний Холбоо болон МШТХ-оос зөвшөөрсөн хувцас хэрэглэлтэйгээр тэмцээнд оролцож байх.
    7. Гишүүдийн явуулж буй үйл ажиллагаа нь МШТХ-ний дүрмийг зөрчиж, ширээний теннисний спортын нэр хүндэд харшилж байгаа бол уг гишүүнийг сануулах, эрхийг нь түр буюу бүрмөсөн хаах, спортын цол, зэргийг нь бууруулах, гишүүнээс хөөх хүртэл арга хэмжээг авна.

Дөрөв. МШТХ-ны чуулган

  1. МШТХ-ны удирдах дээд байгууллага нь чуулган мөн. Чуулган нь ээлжит, ээлжит бус байна.
  2. Ээлжит чуулганыг дөрвөн жилд нэг удаа (Олимпийн хугацаанд) Удирдах Зөвлөлөөс зарлан хуралдуулна.
  3. Ээлжит бус чуулганыг МШТХ-ны УЗ-ийн шийдвэр эсвэл нийт бүртгэлтэй гишүүдийн гуравны нэгийн доошгүй саналаар зарлан хуралдуулж болно.
  4. Чуулганд оролцох төлөөлөгчдийн тоог УЗ-ийн хурлаас тогтоож, 21 хоногийн өмнө урьдчилан зарлана.
  5. Чуулганд оролцох төлөөлөгчдийн 80%-иас дээш хувь оролцсон бол чуулганыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  6. Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад чуулганаар хэлэлцсэн асуудлыг төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  7. МШТХ-ны чуулганаар дараахь үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

а. МШТХ-ны тайлан, ээлжит зорилт

б. МШТХ-ны хяналтын зөвлөлийн тайлан

в. МШТХ-ны бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүний асуудал

г. МШТХ-ны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах

д. Хяналтын зөвлөлийн ажиллах журам, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах

е. Гишүүнчлэлийн татвар хураах, зарцуулах, тайлагнах журам, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах

ё. Хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг нэр дэвшүүлж, сонгох, чөлөөлөх, огцруулах

ж. Ерөнхийлөгчийг сонгох, огцруулах эсэх асуудлыг,

з. Бусад асуудал

Тав. МШТХ-ны Удирдах Зөвлөл

Чуулганы чөлөөт цагт МШТХ-ны эрх барих байгууллага нь Удирдах Зөвлөлийн хуралдаан бөгөөд түүнд Удирдах зөвлөл ба Тэргүүлэгч гишүүд оролцоно.

  1. УЗ-ийн гишүүдийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаатайгаар ажиллуулна.
  2. УЗ-ийн бүрэлдхүүнд МШТХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч 5, Ерөнхий нарийн бичгийн дарга, УЗ-ын 8 гишүүд багтана.
  3. УЗ-ийн гишүүдэд ахмад зөвлөлөөс нэг, залуу тамирчдын төлөөллөөс нэг, пара тамирчдын төлөөллөөс нэг, шүүгчдийн зөвлөлөөс нэг, дасгалжуулагчдын зөвлөлөөс нэг, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нэг хүнийг тус тусын хурлаар сонгож оруулна. Удирдах зөвлөлөөс сонгосон гадаад харилцааны ажлын албаны дарга, хуулийн зөвлөх нарыг албан тушаалаар нь Удирдах зөвлөлд оруулна.
  4. Ерөнхийлөгчөөс бусад удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дараагийн гишүүн сонгогдсоноор дуусгавар болно.
  5. Удирдах зөвлөлийн дарга нь МШТХ-ны Ерөнхийлөгч байна.
  6. Удирдах зөвлөлийн хуралдаан нь улиралд нэгээс доошгүй удаа байх ба хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч гишүүд саналын адил эрхтэй оролцоно.
  7. Удирдах зөвлөлийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг гишүүд ба тэргүүлэгч гишүүдэд урьдчилан мэдэгдэх үүргийг ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна.
  8. Удирдах зөвлөлийн хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцохыг шаардана. Энэ эрхээ эдлээгүй нь шийдвэр гаргахад саад болохгүй. Удирдах зөвлөлийн гишүүн хуралдаандаа удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байх нь түүнийг чөлөөлөх, эгүүлэн татах үндэслэл болно.
  9. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэр нь хуралдаанд оролцсон удирдах зөвлөлийн гишүүд ба тэргүүлэгч гишүүдийн ердийн олонхийн саналаар хүчинтэй болно. Хуралдаан болон хэлэлцсэн асуудлын талаар тэмдэглэл үйлдэнэ.
  10. УЗ-ийн хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцүүлж тогтоол гаргана. Тогтоолд хуралдаан удирдсан хуралдаан даргалагч гарын үсэг зурснаар тогтоол хүчинтэй болно.
  • Жилийн ажлын бизнес төлөвлөгөөг батлах,
  • Уралдаан тэмцээн, сургалтын нэгдсэн хуваарийг батлах,
  • МШТХ-ны жилийн төсвийг батлах,
  • Гишүүнчлэлийн татварын хэмжээ, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүдийн жилд төлөх хураамжийн хэмжээг тогтоох,
  • Спортын зэрэг, цол, шагнал үрамшуулалд нэр дэвшигчдийг батлах,
  • Албан тушаалаар нь 2 удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох
  • Ээлжит болон ээлжит бус чуулганыг товлон зарлах, оролцох гишүүдийн тоог тогтоох,
  • Тэргүүлэгч гишүүнийг элсүүлэн авах,
  • Удирдах зөвлөлийн болон тэргүүлэгч гишүүдийн хариуцан ажиллах 21 аймаг, 9 дүүргийн хуваарилалтыг батлах,
  • Бусад,

Зургаа.  МШТХ-ны Ерөнхийлөгч

  1. УЗ-өөс МШТХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх 1-3 хүний нэрийг дэвшүүлж, чуулганаар хэлэлцүүлнэ.
  2. МШТХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг чуулганы төлөөлөгчид нээлттэй ил, эсхүл нууц санал хураалтаар явуулна. Чуулганы төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийг сонгоно.
  3. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ээлжит чуулганы хооронд 4 жил байна. Ерөнхийлөгч нь 2 удаа улиран сонгогдож болно.
  4. Сонгогдсон Ерөнхийлөгч нь 5 дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын нэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаар оруулж, гишүүдээр батлуулна.
  5. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар 5 дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг батална. Нэр дэвшигч нь үнэмлэхүй олонхийн санал аваагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр нэр дэвшүүлэх эрхтэй.
  6. Ерөнхийлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
    • ОУШТХ болон тивийн холбоотой эрхийн хүрээнд хамтран ажиллах,
    • МШТХ-г дотоод, гадаадад бүрэн эрхтэй төлөөлөх,
    • Хандив, тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх,
    • Дэд ерөнхийлөгчид болон ерөнхий нарийн бичгийн даргын орон тоонд нэр дэвшүүлэх дэвшүүлэх, тэдгээрийг чөлөөлөх саналаа УЗ-ийн хуралдаанд оруулах,
    • УЗ –ийн хуралдааныг даргалах,
    • УЗ-ийн хуралдаанд Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулж, өөрийн бүрэн эрхээс түүнд шилжүүлэн эдлүүлэх бүрэн эрхийг батлуулах,
    • Бусад,
  7. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно.
  • Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Удирдах Зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон,
  • Хууль, холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Удирдах зөвлөлийн нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор Удирдах зөвлөлд тавибал ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэнэ,
  • Нас нөгчсөн,

Долоо.  МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

  1. Ерөнхий нарийн бичгийн дарга нь МШТХ-ны чуулган, Удирдах Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж явуулна.
  2. Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь шаардлагыг хангасан байна.
  • 25-с дээш настай
  • Дээд боловсролтой
  • Англи хэлний дундаас дээш түвшиний ярих, email-р албан захиа бичиж харилцах чадвартай
  • Компютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ширээний теннисний спортын мэдлэгтэй, хичээллэж байсан
  • Харилцааны соёлтой, гэмт хэрэг хэв журмын зөрчилд орж байгаагүй
  1. Ерөнхий нарийн бичгийн дарга мэргэжлийн чиглэлээр ажлын албатай мөн орон тооны нэг туслах / нарийн бичгийн даргатай / байж болно.
  2. Ажлын алба нь дараахь бүтэцтэй байна.
  • Гадаад харилцааны алба
  • Нийслэл, дүүрэг хариуцсан алба
  • Аймаг, орон нутаг хариуцсан алба
  • Санхүү, нябо бүртгэлийн алба
  • Материал, хангамжийн алба
  • Сургалт, дасгалжуулалтын алба
  • Мэдээлэл, сурталчилгааны алба
  • Шүүгчид, тэмцээн уралдааны алба
  1. Ажлын албаны орон тоо, нарийн бичгийн даргын цалин, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажиллах журмыг Удирдах зөвлөлийн хурлаар батална.

Найм.  Хяналтын Зөвлөл

  1. Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Бүрэлдэхүүнээсээ Зөвлөлийн даргаа сонгоно.
  2. Хяналтын зөвлөл нь МШТХ-ны дүрмийн биелэлт, МШТХ-ны гишүүд, бүх шатны харъяа байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалт, гишүүдээс гаргасан санал гомдлыг шийдвэрлэсэн байдалд хяналт тавьж, санал, дүгнэлт өгөх үүрэгтэй.
  3. МШТХ-ны гишүүдтэй холбоотой  ёс зүйн зөрчлийг шийдвэрлэнэ.
  4. Хяналтын Зөвлөл нь Удирдах Зөвлөлийн хуралдаанд зөвлөлдөх эрхтэй оролцож болно.
  5. Хяналтын зөвлөл нь ажлаа Чуулганд тайлагнана.
  6. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг чуулганаар батална.

Ес.  МШТХ-ны дэргэдэх зөвлөл.

  1. МШТХ нь дэргэдээ дараахь зөвлөлийг ажиллуулна..
  • Ахмадын зөвлөл
  • Тамирчдын зөвлөл
  • Шүүгчдийн зөвлөл
  • Дасгалжуулагчдын зөвлөл
  • Эмэгтэйчүүдийн зөвлөл
  • Пара тамирчдын зөвлөл
  1. Зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлд төлөөлсөн гишүүн байна.
  2. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн,  үйл ажиллагааны журмыг Удирдах зөвлөлийн  хуралдаанаар батална.

Арав.  МШТХ-ны анхан шатны байгууллага

  1. МШТХ-ны бүтцийн хүрээнд аймаг, сум, нийслэл, хот, дүүрэг, бүх шатны сургууль, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад ширээний теннисний спортыг хөгжүүлэх зорилготой анхан шатны салбар, зөвлөл, холбоо, клуб үүсгэн байгууллагдаж, бие даан ажиллах нь чөлөөтэй болно.
  2. Анхан шатны байгууллага нь МШТХ-ны дүрмийн хүрээнд өөрийн дотоод журамтай байна.
  3. Шигшээ багийн тамирчид нь аль нэг клубт тогтмол хичээллэх бөгөөд олон улсын буюу бусад тэмцээнд оролцох зорилгоор нэгдэн бэлтгэл сургуулилтаа хангадаг байх журмыг мөрдөнө.

Арван нэг. МШТХ-ны тэргүүлэгч гишүүний эрх, үүрэг.

  1. Монголын ширээний теннисний спортыг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, тэргүүлэгч гишүүний хураамжийг төлөхөө илэрхийлсэн иргэнийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тэргүүлэгч гишүүнээр бүртгэн авч болно.
  2. МШТХ-ны Тэргүүлэгч гишүүд дараахь эрхтэй.
  • Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох, санал өгөх
  • МШТХ-ын УЗ-ийн гаргасан шийдвэрийн дагуу МШТХ-г дотоод болон гадаадад зохиогдох арга хэмжээнд төлөөлөн оролцох
  • Монгол улсын баг тамирчдын тэргүүлэн гадаадын тэмцээн уралдаанд бүрэн эрхтэй төлөөлөн оролцох
  • Одон, медаль, гавъяа, шагналаар шагнагдах
  • Гадаад, дотоодын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж Телевиз, мэдээлэлийн хэрэгсэлүүдээр өөрийн бизнэс, байгууллагыг сурталчлуулах
  • Ширээний теннисний ОЧ клубээр ажлын бус цагаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх
  1. МШТХ-ны Тэргүүлэгч гишүүд  дараахь үүрэгтэй.
  • Монгол улсад ширээний теннисний спортыг хөгжүүлэх, ширээний теннисний
    материалаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэл сургуулилалтыг сайжруулах, өндөр ур чадвартай тамирчид бэлтгэх ажилд идэвхи санаачлагатай оролцох,
  • Ширээний теннисний спортыг хөгжүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн аль нэг газрыг сонгон авч ажиллах,
  • Холбооны үйл ажиллагааг дэмжиж, жил бүр тогтоосон хэмжээгээр хураамж төлөх,
  • Гадаадын тэмцээн уралдаанд явах баг тамирчдын замын зардлыг ивээн
    тэтгэх байгууллага, хувь хүмүүсийг олж өгөх,
  • Холбооны үйл ажиллагаа, санхүүд хяналт тавих

Арван хоёр. МШТХ-ны нийтлэг үүрэг

  1. Өөрийн орны онцлогт тохирсон ширээний теннисний спортыг хөгжүүлэх бодлого боловсруулж төр, олон нийтийн байгууллага, дэмжигчдийн дэмжлэг авч хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
  2. Ширээний теннисний спорт сонирхогчид болон спортын зэрэг цолтой тамирчдын дунд сургалт арга зүйн системтэй ажил зохиож тоо чанарыг нэмэгдүүлэх
  3. Ширээний теннисний спортын залгамж халаа тамирчдыг системтэй бэлтгэж спортын ур чадварыг байнга дээшлүүлж байх
  4. Улс орон даяар өөрийн үйл ажиллагааг өрнүүлэх, сурталчилах шаардлагатай мэдээллээр хангах
  5. Олимпын хөдөлгөөний үзэл санааг дэмжиж, олон улсын болон тивийн ширээний теннисний холбооны дүрэм, зааврыг биелүүлэх
  6. Олон улс болон Тив, Үндэсний холбоодтой харилцаа холбоо тогтоож, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх
  7. Ширээний теннисний спортын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, давтан сургах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох арга хэмжээнд идэвхтэй оролцох
  8. Ширээний теннисний спортын материаллаг баазыг бэхжүүлж, түүний санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, чанаржуулах, бэлтгэж хангах ажлуудыг зохион байгуулах
  9. Ширээний теннисний спортын шинэ ба шинэчлэгдсэн дүрэм, журам, заавар, спортын зэрэг цолын норм, норматив, стандартыг боловсруулах
  10. Ширээний теннисний спортын одоогийн болон хэтийн төлөв, чиг хандлагатай холбоотой судалгаа мэдээллийг олон улсын хэмжээнд солилцоход идэвхтэй оролцож мэдээллийн санг ажиллуулах
  11. Ширээний теннисний спортыг дэмжигч байгууллага хамт олны үүсэл, санаачлагыг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
  12. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа анхан шатны салбар, зөвлөл, холбоо, клубуудын бие даасан үйл ажиллагаанд манлайлагч, чиглүүлэгч, хамтрагч, туслан дэмжигч хэлбэрээр оролцоно.

Арван гурав. МШТХ-ны эрх

  1. Ширээний теннисний спортыг хэгжүүлэх талаар төр засаг болон холбогдох олон нийтийн байгууллагад санал, асуудал тавьж шийдвэрлүүлэх
  2. Ширээний теннисний спортын сургалт дасгалжуулалт, боловсон хүчний асуудлыг улсын хэмжээнд хариуцан зохицуулах
  3. Ширээний теннисний спортын эрх ашиг, Холбооныхоо нэр хүндийг хамгаалах.
  4. Ширээний теннисний албан ёсны дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг улсын хэмжээнд сурталчилах, мөрдүүлэх.
  5. Олон улс, улс, орон нутгийн тэмцээнийг зохион байгуулах эрх болон МШТХ-ны лого, ширээний теннистэй холбоотой аливаа зүйлийн эрхийг бусдад олгох, худалдах.
  6. Тив, дэлхийн бусад олон улсын чанартай тэмцээнд оролцох баг, тамирчдын бүрэлдэхүүнийг батлах.
  7. Олон улсын болон тивийн ширээний теннисний холбооны шугамаар зохиогдох хурал зөвөлгөөн, семинар курс зэрэг арга хэмжээнд өөрийн төлөөлөгчдийг оролцуулах.
  8. Олон улс, тив бусад үндэсний холбоод, өөрийн болон гадаад орны бүх хэлбэрийн байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах асуудлаар гэрээ хэлцэл байгуулах.
  9. Ширээний теннисний спортыг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан, гарамгай амжилт гаргасан хүнийг Монгол улсын алдар цол, төрийн дээд болон Засгийн газар, Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагналаар шагнуулах саналыг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад оруулах.
  10. Тамирчин, шүүгч, дасгалжуулагчдад спортын цол зэрэг олгох, хасах, бууруулах.

Арван дөрөв.  МШТХ-ны эд хөрөнгө, санхүүжилт

  1. МШТХ өөрийн мөнгөн сан, эд хөрөнгөтэй байна. Үүний эх үүсвэрийг дараахь хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
  • Гишүүдийн татвар, хандив,
  • Дэд ерөнхийлөгчийн болон тэргүүлэгч гишүүдийн хураамж, хандив,
  • Гадаад, дотоодын дэмжигч иргэн, байгууллагуудын хандив,
  • Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого,
  • Зээл, өв болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс болон олон улсын байгууллагаас олгосон хөрөнгө,
  • Хуулиар зөвшөөрөгдөх бусад орлого
  1. Дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүдийн жилийн хураамжаас түүний гишүүний жилийн татварыг суутган авч, гишүүдийн татвар хуримтлуулах ХААН банкны 502 775 6379  дугаартай дансанд шилжүүлнэ.

Арван тав.  Бусад асуудал

  1. МШТХ-ны дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг Чуулганаар баталж, хүчин төгөлдөр болсны дараа ерөнхий нарийн бичгийн дарга Улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  2. МШТХ нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж, дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд өгнө.
  3. МШТХ нь үйл ажиллагааныхаа тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Хууль зүйн яаманд гаргаж өгнө.
  4. Чуулганы хуралдаанаар төлөөлөгчдийн дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд МШТХ-г татан буугдсанд тооцно.
  5. Татан буугдсан тохиолдолд МШТХ-ны өмч хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг чуулган шийднэ.

  

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБОО